Монгол орон мандан бадраг.

Wednesday, May 8, 2013

Хууч яриа

Одоо бичих зүйлээ би оюутан байхдаа үеийн нэгэн залуугийн ярианаас сонсож байсан юм. Хэтрүүлэг энэ тэр байгаа л байх. Санаж байгаа хэсгүүдээ засаж чимэглээд блогтоо нийтлэж байгааг минь болгооно уу.
Эрт цагт нэг залуу хээр хөдөө явж байгаад орой амрахаар болоод галаа түлж хоол цайгаа хийж тухалжээ.
Гэтэл яг хажууд нь нэг аяганы хэлтэрхий байв гэнэ. Залуу тэр хэлтэрхий рүү хийсэн хоолноосоо жоохныг хийчихэв. Хэдэн хором өнгөрсний дараа хаанаас хэн дугарсан юм бүү мэд "Хурын уснаас өөрийг хүртэлгүй, хуурай сайрнаас өөр газар тухлалгүй хоёр мянган хаврыг үдсэн миний аяга тагшинд минь хүнсээ барьж алгын чинээ биеийг минь авдрын чинээ болгов." гэжээ. Залуу хиртхийн цочиж хэн бэ гэхэд нь "Намайг тийрэн гэж дуудаж болно. Ачит эзэн таны насан туршид чинь хэлсэн бүгдийг чинь биелүүлж явъя гэж гэнэ." Сайх эр чи юу вэ? Хүн юм уу юу юм гараад ир гэж хэлэхэд нь "Би хоёр мянган хаврын тэртээд нэг их дайны үеэр амиа алдсан юм. Түүнээс хойш хүрэх газартаа хүрч чадалгүй хурын усаар л ундаалж өдий хүрлээ" гэж гэнэ. Энэ явдлаас хойш тийрэн нөгөө залууг цаг үргэлж дагаж явдаг болж гэнэ. (Тийрэнтчихэж гэнэ.)  Залуу хааяа уйдахаараа тийрэн чи байна уу гэхэд нь тийрэн нь байнаа гэж эхлээд л орчлон хорвоогийн элдэв сонин зүйлийг хүүрнэлдэн суудаг болов гэнэ. Нөгөө тийрэнтэйгээ юм яриад сууж байхад дэргэдэх хүмүүс нь ганцаараа яриад байгааг нь гайхдаг болж эхлэв гэнэ. Цаг хугацаа өнгөрч тийрэн үргэлж л эзнийгээ дагасаар Эзэн минь одоо би яах уу? Юу хийх үү гэж асуудаг болж эхлэв гэнэ. Мань залуу эхэндээ санасан болгоноо хийлгээд зугаатай байдаг байв. Хаашаа юунд ч явуулсан тэр дороо явчихаад ирээд байж гэнэ. Залуу эр сүүлдээ залхаж эхлэв. Тэгээд нэг арга бодож олж гэнэ. Тийрэн дахиад л юу хийх үү эзэн минь гэж асуухад нь залуу өөрөөсөө түр ч гэсэн холдуулахаар шийдээд 8 хөлтэй морь олоод ир гэж тушаав. Түүнээс хойш хэсэг хугацаанд тийрэн байхгүй болчихож гэнэ. Залуу хааяа тийрэн чи байна уу гэж асуухад тийрэн байнаа гэдэг байсан ч моринд явуулснаас хойш нилээн хэд хоногийн турш алга болчихоор нь залуу мартаж орхиж гэнэ. Нэг өглөө гэнэт санаад тийрээн чи байна уу гэж асуухад байна аа эзэн минь гэж гэнэ. Морь олж ирэв үү гэхэд 8 хөлтэй морийг хайж 5 тивийг бүтэн тойрлоо 6 хөлтэй морь л олдож байна гэв. Харин эзэн минь би таны ачаар Эрлэг хааны элч боллоо. Таныг эрлэг тивээс манаж аюул тулгарвал дааж, адуу малыг тань өсгөж, алив бүхнээр тэтгэж байя, нарт хорвоогоос буцахад тань дахин уулзах болно гэж хэлээд яваад өгөв л гэнэ. Түүнээс хойш олон жил өнгөрч залуу ч хөгширч ус уух хоногийнх нь тоо нь гүйцэв гэнээ. Нэгэн өдөр хөгшин эр маань хээрээр явж байтал гэнэт их тоос шороо босч харах зүс сүрдэм хар хэрээн хөлөгтэй хар бараан хуягтай хачин аймшгийн нэгэн хүн гараад ирэв л гэнэ. Энэ бол залуу цагт нь зарцыг нь хийж зараалд нь гүйж явсан тийрэн мөн байлаа.  Эзэн танд амласан ёсоор хүрээд ирлээ би хэмээв. Өвгөн тийрэнг танин энэ гарагт замбативээс одох заяатай юм байж гэж боджээ. Эзэн таны ачийг энэ цагт хариулж тэнгэрт гаргаж өгөхөөр ирлээ би хэмээн өвгөнийг тэнгэрт нь гаргаж өгч гэнээ.

0 comments:

Post a Comment

© 2011 Шонхор, AllRightsReserved.

Designed by ScreenWritersArena